ТӨРСНИЙ БҮРТГЭЛ
ЭСЯ нь БНПУ-д суугаа Монгол Улсын харьяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Хэрэв хүүхдийг 30-аас дээш хоногийн дараа бүртгүүлэх гэж байгаа бол хүүхдийн төрснийг бүртгүүлсэн эсэх тухай архивын лавлагааг УБЕГ-аас авч ирнэ.
Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах баримт бичгийг бүрдүүлж, ЭСЯ дээр биечлэн ирж бүртгүүлнэ. Үүнд:
1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс ЭСЯ-ны нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, БНПУ-д оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаараа бичнэ)
2. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа /польш гэрчилгээ/
3. Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
4. Эцэг, эхийн гадаад паспорт
5. Эцэг, эхийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэнэ.
Хүүхдээ төрүүлэх гэж буй гэр бүлийн анхааралд:
Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” шинэчлэгдэн батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэн батлагдсан журмын дагуу хуульд заасан хугацаанд буюу төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй хүүхдийн төрснийг бүртгүүлэхэд холбогдох баримт бичгээс гадна “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа”-г бүрдүүлэх шаардлагатай болсон. Мөн “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчсөн бол “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил гаргагчид шийтгэл оногдуулсан хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг баримтад хавсаргана гэж заажээ. Иймд Иргэд Та бүхэн аливаа бүртгэлийг хуулийн хугацаанд /30 хоногийн дотор/ бүртгүүлж байхад анхаарна уу.
Холбогдох хуулийн заалт:
Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /6 дугаар зүйл.Төрсний бүртгэл/