БНПУ-ЫН ВАРШАВ ХОТОД “МОНГОЛ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын ивээл доор “МОНГОЛ НААДАМ”-ыг Польш дахь Монголчуудын холбоо Польшийн Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 6 дугаар сарын 17-нд амжилттай зохион байгуулав.
“МОНГОЛ НААДАМ”-ын нээлтийн арга хэмжээнд Варшав хот, Повшин цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд болон албаны зарим хүмүүс Польшийн талаас уригдан оролцов.
“МОНГОЛ НААДАМ” нь Монгол, Польш хоёр улсын харилцаа амжилттай хөгжиж буй энэ үед хоёр ард түмнийг ойртуулах, монголчуудын уламжлал соёлыг Польшид танилцуулахад чиглэсэн ээлжит чухал алхам болж байгааг Элчин сайд Б.Дорж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Монгол Улсын ЭСЯ наадмын талбайд монгол гэр барьж, хүндэт зочдыг хүлээж авсан бөгөөд Монгол гэрийн танилцуулга, 2023 онд жуулчдад зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн танилцуулгыг хийв. Польш иргэд наадмын талбайд барьсан гэр, майхнуудаар орж монгол соёл, ёс заншилтай танилцав.
“МОНГОЛ НААДАМ”-ын хөтөлбөрийн дагуу үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн зургийн уралдаан, шатрын тэмцээн, монгол хувцасны загвар үзүүлбэр, монголчуудын парад, үзэсгэлэн худалдаа, монгол хоолны үйлчилгээ зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн Начин О.Пүрэвбаяр түрүүлж, Польшийн Радом хотын их сургуулийн хэлний бэлтгэлийн оюутан Г.Батсайхан үзүүрлэлээ.
Наадамд “Гурван Бүдүүн” хамтлаг, Guys 666 хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал нар уригдан оролцож, монголчуудад зориулан тухайн өдрийн үдэш концерт тоглов. Мөн Польш дахь монголчуудын “Монгол аялгуу” хамтлаг наадамд ая дуугаа өргөлөө.