УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД БНПУ-ЫН СЕНАТЫН ДЭД МАРШАЛ М.КОЦЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коцыг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд талархлаа илэрхийлээд хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг тэмдэглэн хэллээ.
Тэрбээр, парламент хоорондын харилцааг идэвхжүүлэхэд харилцан айлчлал чухал болохыг дурдаад 2015 оны гуравдугаар сард тус улсад хийсэн албан ёсны айлчлал үр дүнтэй, ач холбогдолтой болсныг онцолсон юм. Парламент хоорондын харилцаанд Польшийн Сеймийн дэд маршал Ежи Вендерлих 2014 онд, Сеймийн дэд маршал Э.Гжэшчакын 2015 онд манай оронд айлчилж, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд оролцсон нь чухал үүрэг гүйцэтгэснийг дурдлаа.
Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коц, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгаад Польшийн сонгуулиар шинээр байгуулагдсан парламентад Польш-Монголын парламентын найрамдлын бүлэг хамгийн түрүүнд байгуулагдсан гэж хэлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал болохыг тэмдэглээд парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр харилцан айлчлал, уулзалт зохион байгуулах, Тамгын газруудын шугамаар ажилтнууд солилцох, сургах, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын дэд маршал хатагтай Мария Коц нар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт идэвхтэй хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад БНПУ-ын Ерөнхий сайд оролцохоор төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.