Л.МӨНХТҮШИГ: ГАДААДААС ИРЖ БАЙГАА ИТГЭМЖЛЭЛИЙГ ОРОН НУТАГТ СУУГАА ИРГЭН ШУУДАНГААР ДАМЖУУЛАН АВЧ БОЛНО
ГХЯ-ны Консулын газар “Монгол Шуудан” ХК-тай хамтран шуудангийн үйлчилгээ нэвтрүүлээд удаагүй байна. Хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан аливаа баримт бичгийг шуудангаар дамжуулан хүлээн авагч иргэнд хүргэх үйлчилгээ нэвтэрснээр Ховд аймгийн иргэн хот орж, ГХЯ-нд өөрийн биеэр ирж, бичиг баримтаа авах шаардлагагүй болж байгаа юм. Иргэдийн цаг зав, санхүүг хэмнэж байгаа энэхүү үйлчилгээний талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.
- Хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт иргэд ямар төрлийн бичиг баримт баталгаажуулахаар ханддаг вэ?
Монгол Улсаас хилийн чанадад нийт 46 дипломат төлөөлөгчийн газар /ЭСЯ, Консулын газар/ өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа 130 мянга орчим монгол иргэд ДТГ-уудад хандан консулын үйлчилгээ авах боломжтой бөгөөд иргэдэд үзүүлж буй үйлчилгээний багагүй хэсгийг Монголд байгаа ах, дүү, хамаатан садангаараа дамжуулан өөрийн болон хамтран эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөө худалдах, түрээслэх, банкин дахь дансыг нь захиран зарцуулах, төрөөс олгож буй нийгмийн халамжийн мөнгийг нь авах, иргэн хоорондын маргааныг шийдвэрлэх зорилгоор шүүхэд төлөөлүүлэх зэрэг итгэмжлэл гэрчлүүлэх нотариатын үйлдэл эзэлж байна.
- ГХЯ, ДТГ-уудад ийм төрлийн бичиг баримтыг баталгаажуулах хүсэлт хэр их ирдэг вэ?
ДТГ-уудын 2015 оны консулын үйлчилгээний тайлангаас харахад нийт 23783 иргэнд итгэмжлэл гэрчлэх, нотариатын баталгаа гаргах үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт юм.
- Монгол Шуудан ХК-тай хамтарч шуудангийн үйлчилгээ нэвтрүүлэх шалтгаан юу байв?
“Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, 335 сумдын салбар, Улаанбаатар хотын 39 салбараараа дамжуулан иргэдэд шуудан хүргэх боломжтой, арвин туршлагатай компани учраас тус яамны зүгээс хамтран ажиллахаар шийдвэрлэсэн.
- Энэ үйлчилгээ нэвтэрснээр иргэдэд ямар ач холбогдолтой вэ?
ДТГ-аас ирүүлсэн итгэмжлэл болон баталгаажуулсан бусад баримт бичгийг хүлээн авагч иргэн өмнө нь заавал ГХЯ-ны Консулын газраас өөрийн биеэр ирж авах шаардлагатай байсан бол шуудангийн үйлчилгээ нэвтэрснээр иргэд сайн дурын үндсэн дээр өөрийн хүссэн хаягаар шууд хүлээн авах сонголттой болж байгаа. Ялангуяа аймаг, орон нутгийн оршин суугчдад тулгардаг байсан бэрхшээлийг бүрэн арилгаж байгаа юм.
- Зөвхөн хөдөө орон нутаг гэлтгүй Улаанбаатар хотын иргэдэд ч энэ үйлчилгээ хамаатай байх нь?
Тэгэлгүй яахав. Шуудангийн үйлчилгээ нь хилийн чанадаас ирүүлсэн итгэмжлэлийг хүлээн авах иргэдээс гадна тус яамнаас Апостиль гэрчилгээ авах, консулын баталгаа гаргуулах зэргээр баримт бичгээ баталгаажуулахаар хандаж буй иргэдэд ч мөн хамаатай. Иргэд баталгаажуулах баримт бичгээ зохих журмын дагуу тус яаманд бүрдүүлэн өгсний дараа бэлэн болсон баримт бичгээ дахин өөрийн биеэр ирж, дараалалд зогсохгүйгээр шуудангаар хүлээн авах боломжтой болсон байгаа. Ингэснээр тухайн иргэн ГХЯ дээр зөвхөн 1 удаа ирснээр үйлчилгээ авна гэсэн үг.
Энэ дашрамд иргэдэд мэдээлэл өгөхөд ГХЯ-ны Консулын газар нь нотариатаар баталгаажуулсан баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай баримт бичгийг гадаад улсад хэрэглэх тохиолдолд Апостиль гэрчилгээ олгох буюу консулын баталгаа гаргаж, баримт бичгийг баталгаажуулдаг. Эдгээр баримт бичигт иргэний бүртгэлийн талаарх бүх төрлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх, паспорт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт/, иргэний бүртгэлийн болон цагдаагийн тодорхойлолт, лавлагаа, бүх шатны боловсролын гэрчилгээ, шүүх, прокурорын шийдвэр болон төрийн захиргааны байгууллагаас олгосон бусад баримт бичиг хамаардаг юм.
- Иргэд баталгаажуулсан бичиг баримтаа шуудангаар хүлээн авах эрхээ хэрхэн яаж баталгаажуулах вэ?
Иргэд ГХЯ-ны Консулын газар, хилийн чанад дахь ДТГ-т баримт бичиг баталгаажуулах хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүснэ. Шуудангийн үйлчилгээ авах иргэнд дугтуйнд оногдсон баркодтой тасалбар өгөх бөгөөд иргэд уг баркодны дугаарын дагуу “Монгол шуудан” ХК-ийн лавлах утсаар шуудан хүргэлтийн явцын талаарх мэдээллийг авч, хянах боломжтой.
- Шуудангийн үйлчилгээ хүлээн авч байгаа учраас төлбөр төлж таарна. Шуудангийн үйлчилгээний үнэ тарифын талаар мэдээлэл өгөхгүй юу?
Шуудангийн үйлчилгээний төлбөрийг гүйцэтгэлээр буюу хүлээн авагч этгээд шуудан хүлээн авсны дараа төлөхөөр зохицуулсан. Төлбөрийн хувьд “Монгол шуудан” ХК-ийн тогтоосон тарифыг мөрдөнө. Жишээ нь, 1-5 хуудас материал хот дотор 1500 төгрөг, орон нутагт 3000 төгрөг, 6-10 хуудас нь хотод 2000 төгрөг, орон нутагт 4000 төгрөгөөр хүргэнэ.
- Шуудангийн үйлчилгээ нэвтрээд удаагүй байна. Иргэд шуудангийн үйлчилгээний талаар хэр сонирхож байна вэ?
Тиймээ. Иргэдийн хувьд уг үйлчилгээ нь харьцангуй шинэ тул сайтар таниулах, сурталчлах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд ГХЯ-наас хилийн чанадад байгаа нийт ДТГ, гадаад дахь Монголчуудын холбоод болон монгол иргэд түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээгээр дамжуулан шуудангийн үйлчилгээний талаарх мэдээллийг түгээж байна. Иргэдийн зүгээс дээрх үйлчилгээний талаар лавлаж, сонирхох нь нэмэгдэх хандлагатай байна. Цаашид шуудангийн үйлчилгээг авах иргэдийн тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
- Хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй тохиолдол гарвал хаана хандах ёстой вэ? Өнгөрсөн хугацаанд ийм тохиолдол гарав уу?
Одоогоор тийм тохиолдол гараагүй байна. Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой. Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.
- ГХЯ-ны Консулын газрын үйлчилгээний танхим хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Цаашид иргэдэд хэрэгтэй энэ төрлийн ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
Гадаадад суралцах, ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус яаманд баримт бичгээ баталгаажуулах хүсэлтэй иргэдийн тоо жил ирэх тус нэмэгдэж байна. Цаашид иргэдийн цаг хугацааг хэмнэх, консулын үйлчилгээг улам хүртээмжтэй болгох үүднээс иргэд материалаа шуудангаар ирүүлдэг байх, нотариатаар баталгаажуулсан баримт бичигт Апостиль гэрчилгээ авах, консулын баталгаа хийлгэх тохиолдолд тухайн нотариатын үйлдэл хийсэн нотариатчаас материалыг нь ГХЯ-нд шууд ирүүлдэг байх асуудлыг Монголын Нотариатчдын Танхимтай хамтран судлаж байна. Түүнчлэн консулын үйлчилгээг цахимжуулах хүрээнд баримт бичиг баталгаажуулах хүсэлтийг цахимаар мэдүүлдэг болгохоор төлөвлөж байна.