ПОЛЬШ УЛСАД ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Нэг. Польш Улсад оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:
- Европын орнуудад барилгын, оёдлын ажилд зуучилна, шенгений виз гаргана гэх зарыг олон нийтийн сүлжээ болох Facebook, Twitter-ээр тараан иргэдийг залилж байгаа асуудал нэлээдгүй гарч байгаа, бусдын явуулж буй хууль бус үйлдэлд автах, Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх оролдлого хийхээс зайлсхийх, сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээр хохирч бусдын залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байх, бусдад бичиг баримтаа өгөхгүй байх, энэ төрлийн зар тарааж буй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг тухайд нь мэдэгдэж байх зэргийг иргэд Та бүхэн анхаарах,
- Польш Улсад оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг нь дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
- Гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийн хүчинтэй хугацаагаа шалгаж байх, хүчинтэй хугацааг дуусахаас өмнө шинээр захиалж авах,
- Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, ЭСЯ-д мэдэгдэн шинээр захиалах,
- Эх орондоо буцаж буй иргэд банк, авто тээврийн хэрэгсэл, даатгал болон бусад үйлчилгээний байгууллагатай байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, төлбөр тооцоогоо эцэслэх,
- Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар хол явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
- Цагдаагийн байгууллагад баривчлагдсан, саатуулагдсан тохиолдолд суугаа орны “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу тухайн байгууллагаас ЭСЯ-д заавал мэдэгдэх үүрэг хүлээдэггүй тул иргэн өөрөө ЭСЯ-д мэдэгдэж, уулзах хүсэлтээ илэрхийлэх,
- Иргэд бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа давхар хадгалж байх,
- Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Хоёр. Польш Улсын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:
- Нисэх онгоцны буудал дээр танихүй хүнээс ачаа авч явахгүй байх, бусдын захиасыг авахгүй байх,
- Ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичиж байх,
- Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
- Польш Улсын хувьд олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон байдаг. Тиймээс хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж ирэхгүй байх,
- Хувийн хэрэглээний эм, уламжлалт эмчилгээний тан авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай.
(мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авч, торгодог); - 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, мөнгийг хураана.