МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ СУДЛААЧ, ЗОХИОЛЧ Ц.ЦОГТСАЙХАН УКРАИН ХЭЛЭЭР ОРЧУУЛЖ, ХЭВЛЭН ГАРГАВ
Украины Боловсрол, шинжлэх ухааны яам, Полтавын Үндэсний сурган хүмүүжүүлэх их сургуулийн Украины түүхийн тэнхим, Полтава мужийн байгууллагууд, Украины Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Украины түүхийн хүрээлэн, Урлагийн түүх, ардын аман зохиол, угсаатны зүйг хүрээлэн, Украины Рила Үндэсний Шинжлэх Ухааны Академи, Украины түүхчдийн үндэсний холбооноос хамтран зохион байгуулсан Бүх Украины эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 5-р сарын 23-24 өдрүүдэд Полтавад зохион байгуулагдаж, энэ хурлын хүрээнд Монголын нууц товчоог судлаач, зохиолч Ц.Цогтсайхан Украин хэлээр орчуулж хийж хэвлэн гаргасныг танилцуулах "Монголын түүхтэй танилцах нь" дугуй ширээний уулзалт зохион байгуулагдлаа.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж дээрх арга хэмжээнд цахимаар оролцон үг хэлж, Монголын нууц товчоог Украин хэлэнд орчуулан гаргаж хэвлэсэн зохиолч судлаач Ц.Цогтсайханд болон энэхүү ажилд оролцсон, дэмжлэг туслалцаа үзүүлсэн нийт эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн байгууллага болон бусад хүмүүст гүн талархал илэрхийлж, тус бүтээл украин хэлээр орчуулагдан гарсны ач холбогдлыг тэмдэглэн ярив.
Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын үндэсний түүх, хэл бичиг, соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, он цаг тооллын бичиг болох Монголын нууц товчоог айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залан дээдэлж байхыг уриалсан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2004 онд гарсан нь энэхүү зохиол бидний хувьд ихээхэн ач холбогдолтойг харуулж буйг цохон тэмдэглэв.
Дугуй ширээний уулзалтыг түүхийн шинжлэх ухааны доктор, Украины түүхийн тэнхимийн профессор, В.Г.Короленкогийн нэрэмжит Полтавагийн багшийн их сургуулийн Украины түүхийн тэнхимийн эрхлэгч хатагтай Людмила Бабенко удирдан явуулсан бөгөөд дээр дурдсан байгууллагууд, Украины ГХЯ-ны төлөөлөл болон нийт 50 орчим эрдэмтэн судлаачид оролцсон болно.