ЭЛЧИН САЙДЫН ДЭРГЭД ПОЛЬШИЙН УРАН БҮТЭЭЛЧИД, АЯЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ
Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын дэргэд Уран бүтээлчид ба аялагчдын зөвлөлийг байгуулах анхны уулзалт, үүнтэй холбогдсон хүлээн авалт 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр Элчин сайдын яамны байранд болов. Энэхүү зөвлөл нь Элчин сайдын дэргэд саяхан байгуулагдсан өөр нэг зөвлөл болох Эрдэмтдийн зөвлөл, мөн түүнчлэн Польш, Монголын Худалдаа эдийн засгийн танхим, Монголын анд нөхдийн нийгэмлэг зэрэгтэй хамтран Польшийн олон нийтэд хандсан ЭСЯ-ны үйл ажиллагааг илүү цогц, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж олгоно гэж найдаж байна.
Зөвлөл нь зохиолчид, аялагчид, кино, музей, уран зураг гэрэл зураг зэрэг Польшийн соёл, урлагийн янз бүрийн салбарын нэрт зүтгэлтэн 30 орчим хүнийг хамарч буй бөгөөд мөн өдөр хүрэлцэн ирсэн зөвлөлийн зарим гишүүд батламжаа гардан авав. Уулзалтад Польшийн ГХЯ-ны төлөөлөл байлцав.
Тус зөвлөлийн гишүүд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах, харилцан бие биенээ дэмжих, Монгол Улс, монголчуудын талаарх мэдлэгийг Польшийн олон нийтэд сурталчлах, Элчин сайдын яамны зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох, зөвлөх зэрэг үйл ажиллагаа явуулахыг зорьж байна.
Уулзалтын үеэр Буда Русска тосгонд Монголын музейг байгуулсан, Монголын нутгаар 1500 км далбаат тэргээр аялсан Пиотр Малчевски, Монголын тухай олон ном бичсэн Болеслав Урин нарыг Найрамдал медалиар шагнасныг гардуулан өгөв.