images

ПОЛЬШИЙН КРУШЫНИАНЫД БОЛСОН ТАТААРЫН НААДАМД МОНГОЛЧУУД ОРОЛЦОЖ, УЛСАА СУРТАЛЧЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2021-08-06

6

Польшийн Крушынианыд болсон татаарын Сабантуй наадамд оролцох ажлыг Варшав дахь ЭСЯ-наасзохион байгуулсан нь монголчуудын соёл, түүх, зан заншлыг Польшид сурталчилсан томоохон арга хэмжээ болов.

Энэхүү наадамд  Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, ЭСЯ-ны ажилтан нар болон Польш дахь Монголчуудын холбоо, Шагайн холбооны төлөөлөгчид очиж оролцжээ.

Тус наадамд Польшийн Подласки мужийн даргаБохдан Пашковски, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Дэд Маршалек Станислав Дэрэхайло, Крынкигмины дарга Йоланта Гудалевска нар болон Крушынианы, Сокүлка, Бохоники зэрэгтатаарын тосгодын удирдлагууд оролцов.  Мөн Бүгд Найрамдах Литва Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдуардас Борисовас хүрэлцэн очжээ.

Польш, Литвад татаарчууд 14 дүгээр зуунаас эхлэн суурьшсан түүх нь Монголын Их Гүрэн, түүний хожуу үеийн ханлигуудын түүхтэй гүн гүнзгий холбоотой. Энэ үйл явцын ач холбогдлыг үнэлж Литвийн Соёлын яам 2021 оныг Татаарын жилээр тунхаглаад байгаа билээ.

Наадмын үеэр ЭСЯ-ны урилгаар ХБНГУ-аас Хөх Монгол хамтлаг хүрэлцэн ирж, тоглосон нь хуран цугласан олон зуун үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлж, гүн талархал хүлээв.

Мөн гэрэл зурагчин Б.Баярын “Хадны сүг зураг”-ийн гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан нь Монголын соёл, түүхийг сурталчлахад чиглэсэн чухал арга хэмжээ болов. Энэ үзэсгэлэн сар орчим хугацаанд тус тосгондахь үзэсгэлэнгийн танхимд гарах болно.

Мөн Польш дахь Монголчуудын холбоо болон Шагайн холбооны төлөөлөгчид асар барьж, үндэсний спорт болох шагайн харваа, анагаах ухаан, соёлоо танилцуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Хүрэлцэн ирсэн монголчууд наадмын үеэр болсон парад болон бусад арга хэмжээнүүдэдүндэсний хувцсаараа гоёж оролцжээ.

Манай улс энэ арга хэмжээнд оролцоход Польш, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Мелиорекс компаниас зарим дэмжлэг үзүүлжээ.

Монголын талаас зохион байгуулсан арга хэмжээнүүд наадмыг зохион байгуулагчдын онцгой талархлыг хүлээж, дараа дараачийн наадмуудад хүрэлцэн ирж оролцохыг хүссэн байна.