images

БЯЛЫСТОК ХОТНОО ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-10-28

2

          БНПУ-ын Подласке, Любелске, Варминьско-Мазурске мужуудыг хариуцан Подласке мужийн Бялысток хотод суух Монгол Улсын Өргөмжит консул хатагтай Доминика Чарнецкагийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулав.

          Үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Подласке мужийн ИТХ-ын дарга Л.Прокорым, Засаг дарга Я.Бжозовски, Бялысток хотын дэд дарга Р. Рудницки нартай уулзаж Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцаж, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал болон бусад салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

         Мөн ирэх онд Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан.

         Д.Чарнецка бүс нутагтаа танигдсан нэгэн гэдгийг уулзсан муж, хотын удирдлагууд хэлж байв.

        Тэрээр хуульч мэргэжилтэй, бизнес эрхлэгч, нутгийн нийгмийн зүтгэлтэн, зураач мэргэжилтэй бөгөөд “Чарнецкийн гэр бүлийн сан”-гийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Д.Чарнецка жил бүр Зул сарын баярыг тохиолдуулан Бялысток хотын тусламж хэрэгтэй хүмүүст зориулж хүмүүнлэгийн ажил зохион байгуулж явуулдаг байна.

          Ёслолын ажиллагаанд Польш Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга К.Броницки, Подласке мужийн ИТХ-ын дарга Л.Прокорым, Засаг дарга Я.Бжозовски, Бялысток хотын дэд дарга Р.Рудницки нар болон бусад албаны хүмүүс, Бялысток хотын иргэдийн төлөөлөл зэрэг нийт 200 гаруй хүмүүс оролцсон.

          Арга хэмжээг нээж хатагтай Д.Чарнецка үг хэлж, тэрээр энэхүү хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албан тушаалд томилогдсоны хувьд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүний дараагаар Хэргийг түр хамаарагч Д.Гантулга шинээр томилогдож байгаа Өргөмжит консулд баяр хүргэн, Монгол, Польшийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн. Мөн Д.Гантулга БНПУ-ын Гадаад хэргийн яам болон орон нутгийн удирдлагад талархал илэрхийлэн цаашид Өргөмжит консулын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг хүсэв.

          Нээлтийн арга хэмжээнд Мужийн дарга, Бялысток хотын дэд дарга нар цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн бол К.Броницки Монгол, Польшийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн бодит илрэл нь Өргөмжит консулыг томилон ажиллуулж байгаагаар тодорхой харагдаж байна гэлээ.

          Бялысток хотод дараах улс орнуудын Өргөмжит консулын газрууд байдаг байна. Үүнд:

  • Босни ба Херцеговин,
  • Серби,
  • Беларусь (ӨЕКГ),
  • Румын,
  • Мальта,
  • Гүрж,
  • Хорват,
  • Финланд,
  • Казахстан,
  • Литва,
  • Латви,
  • Эстони,
  • Люксембург,
  • Болгар.

          БНПУ-ын Подласке, Любелске, Варминьско-Мазурске мужуудыг хариуцах Монгол Улсын Өргөмжит консул Доминика Чарнецкагийн ажлын хаяг: ul. Legionowej 14, 15-099, Białystok.