images

КАТОВИЦЕ ХОТНОО ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭВ

ЭСЯ-ны мэдээ

2024-11-18

2

          БНПУ-ын Шлонск, Ополе, Доод Шлонск мужуудыг хариуцан Шлонск мужийн Катовице хотод суух Монгол Улсын Өргөмжит консул ноён Марчин Мистажийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Катовице дахь Шлонск мужийн захиргааны төв ордонд зохион байгуулагдав.

          Уг нээлтийн үйл ажиллагаанд БНПУ-ын Шлонск мужийн Засаг дарга М.Вүйчик, дэд маршал Г.Боски, БНПУ-ын Сеймийн гишүүн У.Кошутска, Катовице хотын дэд дарга Б.Собула, Польшийн Уул уурхай-Үндэсний судалгааны хүрээлэнгийн захирал Я.Загүровский болон бусад муж, хотын захиргаа, яам тамгын газрын төлөөлөгчид, тухайн мужид суугаа бусад Өргөмжит консулууд зэрэг олон хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.

          Арга хэмжээг эхлүүлж ЭСЯ-ны атташе Ж.Тэнгэр үг хэлж, шинээр томилогдож буй Өргөмжит консул М.Мистажид баяр хүргэж, Монгол-Польшийн харилцаанд идэвх, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж Монгол Улсын Гадаад харилцааны яамны патент болон Польшийн Гадаад хэргийн яамны экзекватурыг түүнд гардуулав.

          Үүний дараагаар шинээр томилогдож буй Өргөмжит консул М.Мистаж хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлж, сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд “Монгол бол ер бусын түүхтэй, өвөрмөц соёлтой, хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орон. Энэ улсын баялаг нь түүний динамик өсөлтийн үндэс суурийг бүрдүүлж байдаг. Тиймээс миний нэн тэргүүний зорилтуудын нэг Монгол Улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлэхээс гадна Польш, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Надад итгэл хүлээлгэж энэхүү хүндтэй албыг хаших боломж олгосон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархлаа” хэмээн мэдэгдэв.

          Түүнчлэн БНПУ-ын Шлонск мужийн Засаг дарга М.Вүйчик, дэд маршал Г.Боски нар шинээр томилогдож буй Өргөмжит консулд ажлын амжилт хүсэж дараах зүйлсийг мэдэгдсэн юм. “Шлонск мужийн Катовице хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар байгуулагдаж буйд маш их баяртай байна. Монгол бол өнө эртний түүхтэй, сонирхолтой соёлтой асар том орон. Одоогийн байдлаар Польш Улс аль хэдийн Монголын Европын Холбооны худалдааны хоёр дахь томоохон түнш болоод байна. Өнөөдөр манай мужид Монгол Улсын Өргөжмит консулын газар нээгдсэнээр манай хоёр орны эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Шлонск мужийн Засаг дарга М.Вүйчик хэлэв.

          “Шлонск муж бол эдийн засгийн маш хүчирхэг бүс юм. Бид энд эдийн засгийн олон салбарыг нэгтгэж байдаг бөгөөд Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдсэнээр Монгол Улс болон Шлонск мужын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд маш эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Эрт цагт Шлонск муж Польшийн хөгжил дэвшлийн төв болж, энэхүү мужид 16 улсын Өргөмжит консулын газар байрладаг гэдгээрээ бид бахархан ярьдаг байлаа. Өнөөдөр Монгол Улсын Өргөмжит консулын газар нээлтээ хийснээр манай муж хуучин цагийн адилаар 16-н Өргөмжит консулын газартай болж буйд миний бие туйлын баяртай байна. Иймд шинээр томилогдож буй Өргөмжит консул Марчин Мистажид баяр хүргэж, үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн дэд маршал Г.Боски хэлэв.

          Одоогоор БНПУ-ын Шлонск мужид Перу, Казахстан, Украин, Их Британи, Чили, Франц, Бенин, Бангладеш, Серби, Армен, Шри Ланка, Герман, Словак, Киргиз, Австри Улсуудын Өргөмжит консулын газрууд үйл ажиллагаагаа явуулж буй.

          БНПУ-ын Шлонск мужийн Катовице хотод суух Монгол Улсын Өргөмжит консул ноён Марчин Мистажийн үйл ажиллагаагаа явуулах консулын газрын хаяг: ul. Zygmunta Krasickiego 29, 40-019 Katowice. Холбогдох утас: +48 601 838 324.