ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД БНПУ-ЫН ЕТГ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТОЧВООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Польш Улсын ЕТГ-ын Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Дарюш Луковскийтэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр талын Иж бүрэн түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Тухайлбал, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал гүүр болж байдаг иргэд хоорондын харилцааг улам бүр тэлэх, нэн ялангуяа залуучууд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хоёр улсын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол, польш хэлээр харилцан идэвхтэй сурталчлан таниулахад идэвхтэй үйл ажиллагааг дэмжихийг зорьж ажиллахаа нотоллоо.
Мөн соёл, шинжлэх ухааны харилцааг улам бүр хөгжүүлэх, улс орны түүх соёлыг харилцан таниулах зорилгоор “Чингис хаан” үзэсгэлэнг Польш Улсад дэлгэн толилуулах, түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, кино урлаг зэргийг дэмжих нь чухал гэдэгт санал нэгдлээ.
Талууд олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар мөн санал солилцож, хоёр улсын гадаад бодлого, байр суурь олон чиглэлээр ижил төстэй байгааг онцоллоо.