ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЛИТВА УЛСААС БНПУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Литва Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд ноён Валдемарас Сарапинастай танилцах уулзалт хийв.
Монгол, Литва хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 30 жилд өргөжин тэлж байгаа бөгөөд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд ЕХ болон түүний гишүүн орнууд, ялангуяа Бүгд Найрамдах Литва Улстай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзсээр ирсэн билээ.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам нь Литва, Латви, Украин зэрэг улсуудыг хавсран суудаг.
Ноён Валдемарас Сарапинастай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, тэр дундаа эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Элчин сайд Н.Оюундарь Бүгд Найрамдах Литва Улсаар дамждаг Монгол Улсын хуурай газрын ачааны тээвэрлэлтийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх санал тавьж холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүслээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2025 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар ярилцав. Элчин сайд ноён Валдемарас Сарапинас Литва Улсын амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг оролцуулах тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.