БНПУ-ЫН ПЛОЦК ХОТНОО САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ
Польшийн Плоцк хотноо 5 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн ахмадын аварга шалгаруулах 15 дугаар тэмцээн зохион байгуулагдаж байна. Элчин сайд Н.Оюундарь тэмцээнийг нээн үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. Тус Тэмцээнд Европын 11 орны 32 багийн тамирчид оролцож байна.
15 жилийн өмнө Европ дахь Ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг Польш Улсад санаачилж хийсэн түүхтэй. Монгол Улсын спортын мастерууд Польшийн Энхжаргал, Энхбаатар, Франц, Швейцарын Төмөрбаатар, Германы Дашдорж, Болд, Финлянд, Шведийн Батзориг нар санаачилж манлайлж, түүчээлж явсны үр дүн. Амбассадор баг манай элчин сайдын яамнаас санаачилж байсан түүхтэй.
Энэхүү тэмцээн Европ тивд ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг харилцааг дээдлэн эрхэмлэх, харилцаа холбоог сайжруулж бэхжүүлэх, бие биетэйгээ танилцан нөхөрлөх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэх, өөрөө өөрийнхөө насандаа таарсан хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуусыг уг спортоор хичээллэхийг дэмжих, сурталчлах, монгол хүний бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, багийн спортын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой.
Тэмцээнд оролцож байгаа Их Британи, Швейцарын Холбооны Улс, Европын Холбооны баг тамирчдадаа хувиасаа болон ЭСЯ-ны хамт олны зүгээс спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа Польш Улсын Плоцк хотын захиргаа, Польш Улсын Плоцк хотын сагсан бөмбөгийн МОН-ПОЛ Клуб, Польш Улсад амьдарч байгаа ахмад сагсан бөмбөгчдөө талархал илэрхийлж, та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэн ерөөе.