ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН КРАКОВЫН УР ЧАДВАРЫН БОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН АРХИВТ ЗОЧЛОВ
Элчин сайд Н.Оюундарь БНПУ-ын Краковын Ур чадварын болон Шинжлэх ухааны академийн Архивт зочилж, Архивын захирал доктор Адам Корчиньскитэй уулзалт хийж, түүх, шинжлэх ухаан, архивын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны тухай санал солилцов. Тус Архивт, тэр дундаа проф. В.Котвичийн өвд хадгалагддаг Монгол Улсын түүхтэй холбоотой материалыг хадгалж ирсэн польшийн талд талархал илэрхийлж, цаашид эл материалыг ил болгож, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Проф. Владислав Котвич нь Польшийн нэрт монголч эрдэмтэн бөгөөд түүний монгол судлалын хөгжилд оруулсан хувь нэмэр нэн өндөр юм. Тэрбээр Монголын бичгийн болон биет өвийг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэхэд онцгой гавъяа байгуулсан эрдэмтэн билээ.
Энэхүү уулзалт нь Монгол, Польшийн хооронд соёл, эрдэм шинжилгээний солилцоо, ялангуяа түүх, архивын судалгааны салбарт чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Талууд эдгээр материалыг цаашид түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.