ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ШЛОНСК МУЖИЙН КАТОВИЦЕ ДЭХ ТУСГАЙ ЭДИЙН ЗАСГИЙН БҮСТ ЗОЧЛОВ
Элчин сайд Н.Оюундарь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр БНПУ-ын Шлонск мужийн Катовице дэх Тусгай эдийн засгийн бүст зочилж, татвараас чөлөөлөх зэрэг бүс дэх тусгай нөхцлийн тухай мэдээлэл авч санал солилцлоо.
Польш Улс тэр чигтээ “тусгай бүс” бөгөөд нийт 14 тусгай бүстэй аж. Бүс болгон тодорхой хэмжээний татварын хөнгөлөлттэй. Катовицегийн тусгай эдийн засгийн бүст үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хэмжээнээсээ шалтгаалан оруулсан хөрөнгийнхөө 40, 50, 60%-тай тэнцэх орлогын татварыг 14, 15 хүртэл жилд хуваан хөнгөлөлт үзүүлдэг байна. Мөн 100,000 ажлын байр бий болгож, 12 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай, 1100 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгждэг.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Бүсчилсэн хөгжлийн бодлого, аж үйлдвэрийн цогцолбор парк хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах бодлогууд дээр туршлага судлах зэргээр хамтран ажиллах бүрэн боломжтой байна.