ПОЛЬШИД БОЛСОН “БАЙГАЛИЙН ГОО САЙХАН” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
БНПУ-ын Мэдээллийн технологи, менежментийн их сургуулиас зохион байгуулсан “Байгалийн гоо сайхан” сэдэвт олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлж Польш Улсад ажиллаж буй Монгол Улсын хүний гавьяат эмч Ү.Байгалмаа, хүний их эмч Б.Ариунзаяа нар оролцлоо.
Олон улсын хурал нь Польшийн Жешув хотод 2025 оны 9 дүгээр сарын 18–19-ний өдрүүдэд 3 дахь удаагаа зохион байгуулагдсан. Тус хуралд Австри, Алжир, Герман, Бельги, Грек, Унгар, Их Британи, Итали, Монгол, Польш, Португал, Словак, Турк, Тайвань, Узбекистан, Франц, Чех, Энэтхэг зэрэг 18 орны 170 гаруй эрдэмтэн судлаачид 40 гаруй илтгэл, 92 эрдэм шинжилгээний постер хэлэлцүүллээ.
Монгол Улсын хувьд 2 дахь удаагийн хуралд биеэ даасан илтгэл тавьж байсан бол энэ удаагийн хуралд хамтарсан судалгааны илтгэлийг хэлэлцүүлэхийн зэрэгцээ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Мон Интра” Монгол эмийн үйлдвэрийн эм тан болон монгол эм тангаар хийсэн гоо сайхны бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж оролцлоо.
Тус үзэсгэлэнд тавьсан “Монгол Тан” хэмээх нэртэй монгол эм тангийн найрлагатай тос нь нарны гэрлийн хорт нөлөөнөөс хамгаалах өндөр чадвартай, арьсны хавдрын эсрэг үйлчилгээтэй болохыг нь эсийн төвшинд баталсан. Тус бүтээгдэхүүн эрдэмтдийн талархлыг хүлээж хурлыг зохион байгуулах зөвлөлөөс дараагийн хурлыг Монгол Улсад хийх саналыг тавьсан.