images

КРАКОВ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН 10 ЖИЛИЙН ОЙ БОЛОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-10-03

29

Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой болон Польш Улсын Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консулын газар байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байна.

Дээрх ойг тохиолдуулан Өргөмжит ерөнхий консул хатагтай Ц.Уртнасан, БНПУ-ын Малопольске мужийн дэд маршал Р.Пагач нар хамтран Малопольске мужийн Урлагийн цэцэрлэгт хүрээлэнд "Монгол соёлын наадам" арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Арга хэмжээнд ЭСЯ-ны Түр хамаарагч З.Цэлмэн оролцож, үг хэлэхийн зэрэгцээ Өргөмжит ерөнхий консулд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил бүтээлд нь өндөр амжилт, түүнд болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэв.

Айлын талаас БНПУ-ын Үндсэн хуулийн цэцийн гишүүүн С.Пиотрович, Малопольске мужийн дарга К.Кленчар, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан К.Бойко, Краков дахь Өргөмжит консулуудын корпусын дуайен В.Войнаровски, гадаад улс орны Краков дахь Өргөмжит ерөнхий консул болон Өргөмжит консулууд, Краковын Ур чадварын болон Шинжлэх ухааны академийн Архивын захирал доктор А.Корчиньски, Ягеллоны их сургууль, Краков дахь Хөдөө аж ахуйн их сургууль, Краков дахь Эдийн засгийн их сургуулийн удирдлага болон бусад хүндтэй төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээний албан ёсны хэсгийн дараагаар Монголын Үндэсний хөгжмийн "Седаа" хамтлаг тоглолт хийв. Зочдод монгол болон польшийн үндэсний хоолыг танилцуулав.

Ц.Уртнасан нь 10 жилийн тэртээ Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдож, 2023 оны сүүлээс Өргөмжит ерөнхий консулын албыг хашиж эхэлсэн. Өргөмжит консулын үйл ажиллагаагаа тэрээр албан ёсоор 2015 оноос эхлүүлсэн ч Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-тай 1990-ээд оноос хойш хамтран ажилласаар ирсэн. Түүний нэр Монгол Улсын түүхэн дэх хамгийн удаан ажилласан Өргөмжөт консулуудын дунд бичигдсэн байдаг.