images

ЕХ-НЫ ГИШҮҮН БУС УЛСЫН ИРГЭДИЙН БОГИНО ХУГАЦААНЫ АЯЛЛЫГ /90 ХҮРТЭЛХ ХОНОГИЙН/ БҮРТГЭХ EES СИСТЕМИЙН ТУХАЙ

Зар, мэдээлэл

2025-10-14

48

Европын Холбооны улсуудын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Европын Холбооны гишүүн бус улсын иргэдийн богино хугацааны аяллыг /90 хүртэлх хоногийн/ бүртгэх "Entry/Exit System" /EES/ систем шинээр үе шаттайгаар хэрэгжиж эхэллээ. Уг систем нэвтэрснээр ЕХ-ны гишүүн бус улсын богино хугацааны визтэй иргэд хилээр нэвтрэх үед тухайн хүний овог, нэр, төрсөн огноо, аяллын баримт бичгийн төрөл, биометрийн мэдээлэл (хурууны хээ, цээж зураг зэрэг биеийн давхцахгүй өгөгдөл), хилээр орсон болон гарсан огноо, байршил, мөн шаардлагатай тохиолдолд нэвтрэхээс татгалзсан тухай мэдээллийг бүртгэнэ. Гадаадын иргэд нисэх онгоцны буудалд газардсны дараа хилийн ажилтнуудын тусламжтайгаар өөртөө үйлчлэх киоск машинд биеийн давхцахгүй өгөгдөл болон бусад мэдээлэл бүртгүүлэх бөгөөд 12-оос доош настай хүүхдийн хурууны хээ авахгүй, мөн биеийн давхцахгүй өгөгдлөө бүртгүүлэхээс татгалзсан иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу.

Энэхүү систем нь ЕХ-ны бүх гишүүн улсууд (Ирланд, Кипрээс бусад), мөн Исланд, Норвеги, Швейцарь, Лихтенштайн зэрэг улсуудад хүчин төгөлдөр үйлчилнэ. EES нь богино хугацааны визтэй эсэх, эсвэл визийн шаардлагаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран ЕХ-ны гишүүн бус улсын бүх зорчигчдод хамаарна.

Өөртөө үйлчлэх киоск машинд бүртгэлээ хийлгэсний дараа хил хамгаалах эрх бүхий байгууллагын ажилтан системд бүртгэгдсэн мэдээллийг шалгаж, хилээр нэвтрүүлэх эсэх шийдвэр гаргаж, бүртгэл хөтөлнө. Европын Холбоо, Шенгений бүсэд байх хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэдийг албадан гаргах, торгууль ногдуулах, саатуулах, цаашид ЕХ-нд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх бөгөөд цагдаагийн байгууллага, ажилтнууд тус системийн нэгдсэн санд нэвтэрч, давхар хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү бүртгэлийн систем хэрэгжиж эхэлснээр нисэх онгоцны буудалд өнгөрөөх хугацаа нэмэгдэх тул Шенгений бүсийн улс уруу аялах, дамжин өнгөрөх иргэд нисэх онгоцны буудалд зарцуулах хугацааг нэмж тооцоолох шаардлагатай болж буйг анхаарна уу.

Нэвтрэх/Гарах EES систем нь нэгдсэн мэдээллийн сантай тул Шенгений бүсийн бүх улс орны хилийн боомтод гадаад иргэдийн нэвтэрсэн, гарсан бүртгэлийг хянах боломжтой. Иймд:

❌ Хугацаа хэтрүүлсэн иргэд нэг улсын хилээр нэвтэрч, өөр улсын хилээр “хар тамга” даруулахгүй гарах боломжгүй.

❌ Хуурамч бичиг баримтаар Европын Холбоо, Шенгений бүсийн хилээр нэвтрэх боломжгүй.

❌ Хүчинтэй бичиг баримтаа өөр иргэнд ашиглуулбал цаашид өөрийн биеэр Европын Холбоонд нэвтрэх боломжгүй болохыг анхаарна уу.

ЗӨВЛӨМЖ

- Нэвтрэх/Гарах EES бүртгэлийн системд бүртгүүлснээр Европын Холбоонд нийт байсан болон байж болох хугацааг тус системийн цахим хуудсан дахь тооцоолуур ашиглан хянах боломжтой. Доорх линкээр орж тус системийн цахим хуудастай танилцана уу:

https://home-affairs.ec.europa.eu/.../short-stay...

- Визийн дагуу хугацаа хэтрүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хилийн ажилтан, цагдаагийн байгууллагад хандаж, систем дэх мэдээллийг засварлах боломжтой байна. Жишээлбэл ноцтой гэмтлээс шалтгаалан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэрэг шалтгааныг харгалзан үзэх боломжтой.

Нэвтрэх/Гарах системийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч танилцана уу:

https://travel-europe.europa.eu/ees