images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГААС ЗОХИОН БАЙГУУЛСАН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2025-11-06

28

Элчин сайд Н.Оюундарь Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг (PAIH)-аас 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулсан PAIH Бизнес форумд оролцлоо.

Тус форум нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бөгөөд 70 мянга гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй биечлэн уулзаж, экспортын боломж, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын түншлэлүүдийн талаар практик мэдлэг, зөвлөгөө авах, бизнесийн хамтын ажиллагаа өргөжүүлэх өргөн боломжийг олгов. Форумын хүрээнд салбар хуралдаанууд, B2B уулзалтууд, сүлжээний арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь оролцогчдод бодит үр дүнтэй харилцаа тогтоох нөхцлийг бүрдүүлэв.

Форумыг Хөгжил, технологийн дэд сайд, Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Анджей Дыха болон Польшийн хөгжлийн сан (PFR групп)-ын төлөөлөл нар нээж үг хэлсэн. Үндсэн илтгэгчээр оролцсон Польшийн Шадар сайд асан, эдийн засагч Лешек Балцерович Польшийн эдийн засгийн ололт амжилтыг онцлохын зэрэгцээ дараах сорилтуудыг засаж сайжруулах шаардлагатайг тэмдэглэв. Тэрбээр улс төрийн намуудын сонгуулийн амлалтаас үүдэлтэй нийгмийн халамжийн хэт тэлэлт, тухайлбал хүүхдийн мөнгөний бодлого нь эдийн засагт дарамт учруулж буйг шүүмжилсэн. Мөн сүүлийн 10 жилд төрийн өмчит байгууллагуудыг хувьчлаагүй, харин стратегийн нэрийн дор шинээр байгуулж төсөвт ачаалал нэмсэн, татварын тогтолцоонд ч өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.