images

“БИ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ЭСЯ-ны мэдээ

2025-12-12

51

Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-аас Польш Улсад суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан “Би Монголын ирээдүй” өдөрлөг нь 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-д суралцаж буй оюутнууд олноор төвлөрдөг Казимеж Пуваскийн нэрэмжит Радомын их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг Элчин сайд Н.Оюундарь, Казимеж Пуваскийн нэрэмжит Радомын их сургуулийн ректор С.Буковски нар нээж үг хэлсэн бөгөөд С.Буковски монгол оюутнууд математик, физик, инженерчлэл зэрэг нарийн мэргэжлийн чиглэлд өндөр ур чадвартай, мөн польш хэл, соёлыг хурдан эзэмшдэг талаар онцлон тэмдэглэж, тэднээр бахархаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн докторант, лектор Ц.Солонго “Бид соёлын өвийг өвлөн уламжлахад суралцахуй” сэдвээр оюутнуудад сонирхолтой илтгэл тавьлаа.

Өдөрлөгийн үеэр тус сургуулийн багш, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга хатагтай А.Донбровскад Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг Элчин сайд Н.Оюундарь гардууллаа.

2025 онд Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан зохион байгуулсан “Би Монголын ирээдүй” арга хэмжээнд авьяас чадвараа сорьсон оюутан залуус мэндчилгээ дэвшүүлж, өөрсдийн урлагийн үзүүлбэрийг толилууллаа.

Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Польш Улсад үйл ажиллагаа явуулж буй “Монгол Аялгуу” хамтлаг болон Герман Улсаас уригдан ирсэн хөөмийч, морин хуурч МУСТА Б.Есөн-Эрдэнэ, ятгачны болон морин хуурчийн үеэл МУСТА Н.Хулан нар хүндэт зочдод уран бүтээлээ толилуулахын зэрэгцээ оюутнуудын урлагийн үзүүлбэрийг шүүгчээр ажиллав.

Урлагийн үзүүлбэрийн шалгаруулалтын дүн:

1. I байр – Бүжгийн “Үүлэл” хамтлаг

2. II байр – Оюутан Пүрэвдоржийн Мичидмаа, “Төрсөн нутгийн бараа” дуу

3. III байр – Оюутан Алтанзаяагийн Алтанзул, ятгын гоцлол

Тус үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Казимеж Пуваскийн нэрэмжит Радомын их сургууль, ЭСЯ-ны хамт олон, хүрэлцэн ирсэн уран бүтээлчид, оюутан залуустаа талархал илэрхийлье.