images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ПОЛЬШИЙН УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН АКАДЕМИД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-01-08

60

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Польшийн Уул уурхай, металлургийн академи (Akademia Górniczo-Hutnicza)-д зохион байгуулагдсан “Говийн цөлд алдсан ба дахин олдсон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Тус үзэсгэлэнг судлаач, гэрэл зурагчин Э.Сүндэрьяа бэлтгэсэн бөгөөд Говийн цөл, тал хээрийн бүсэд хийгдсэн археологийн малтлага, судалгааны ажлын онцлох агшнуудыг үзэгчдэд толилуулж байна. Эдгээр судалгаа нь Монгол, Польшийн эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй, плейстоцен болон эртний голоцены үеийн хүний амьдрал, нүүдэл, соёлын ул мөрийг шинээр тодруулах зорилготой томоохон төслийн нэг хэсэг юм. Судалгааны явцад эртний голоцены үеийн хүний суурьшил, амьдралын хэв маягийг илтгэх гал голомтын үлдэгдэл, чулуун багаж, керамик эдлэл, мөн тэмээн хяруулын өндгөн гоёлын зүйлс зэрэг чухал олдворууд илэрчээ.

Элчин сайд Н.Оюундарь үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол, Польшийн эрдэм шинжилгээний байгууллагуудын амжилттай хамтын ажиллагаа нь Монголын археологийн өвийг судлах, түүнийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Мөн үзэсгэлэнгийн нээлтийн өмнө Элчин сайд Н.Оюундарь Уул уурхай, металлургийн академийн проректор Р.Вишнёвскитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.