images

ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИНЭ ОНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2026-01-15

43

Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч К.Навроцкигийн шинэ оныг тохиолдуулан дипломат корпусын төлөөлөгчдөд зориулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд оролцов.

Тус арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч К.Навроцки БНПУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт хандан үг хэлэхдээ Польш Улсын сүүлийн 35 жилийн хөгжлийн ололт амжилтыг онцлон тэмдэглэв.

Тэрээр Польшийн ард түмний хөдөлмөрч зан чанар, бизнесийн санаачилга, инновацын хүчин чармайлтын үр дүнд тус улсын эдийн засаг 1 их наяд ам.доллар давж, дэлхийн хамгийн том 20 эдийн засгийн нэг болсоныг дурдав. Мөн 1990-ээд оноос хойш хэрэгжүүлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд нэг хүнд ногдох ДНБ 210 хувиар өсөж, экспортын хэмжээ 28 дахин нэмэгдэн, дундаж наслалт 8 жилээр уртассан нь түүхэн амжилт гэдгийг онцлов.

Үгийнхээ төгсгөлд тэрээр дэлхийн аюулгүй байдал улам хэврэгжиж, энх тайван өөрөө баталгаатай байхаа больсон өнөө үед дайн, түрэмгийлэл улс орнуудын өдөр тутмын амьдралд бодитоор нөлөөлж буйг онцлон тэмдэглэв. Ийм нөхцөлд Европын аюулгүй байдлыг хангахын тулд шударга, тогтвортой энх тайвныг цогцлоох чиглэлд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжихээ илэрхийлэн үгээ өндөрлүүлэв.