МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ “МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурсан нь Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, цаашид улам бүр түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргасантай холбогдуулан хэлсэн үгэндээ уламжлалт анагаах ухааны олон зуун эмч, мэргэжилтэн дэлхийн улс орнуудад, ялангуяа Бүгд Найрамдах Польш Улсад оношилгоо, эмчилгээг өндөр чанартай гүйцэтгэн, уламжлалт анагаах ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлж буйд талархалтай байгаагаа онцлон тэмдэглэв.
Энэхүү зарлигийг Польш Улсад аж төрж, ажиллаж буй монгол эмч нар талархан хүлээн авч, дор бүрнээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.
Польш Улсад амьдарч, ажиллаж буй нийт монгол эмч нарынхаа өмнөөс Танд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.