ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ЛИТВИЙН АЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН КОНФЕДЕРАЦИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАМИНТА РАДАВИЧИЕНЕ-ТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Литвийн аж үйлдвэрлэгчдийн конфедерацийн Ерөнхий захирал Раминта Радавичиене-тэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, бизнес хоорондын хамтын ажиллагаа, ногоон эрчим хүч, финтех, IT, кибер аюулгүй байдал, тээвэрлэлт зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйг нарны эрчим хүчтэй хослуулж хөгжүүлэх, бүртгэлийн систем боловсронгуй болгох туршлага сурах боломжийн талаар санал солилцов.
Литвийн аж үйлдвэрлэгчдийн конфедераци нь 54 салбар болон 8 бүс нутгийн холбоог нэгтгэдэг бөгөөд олон салбарын 3000 орчим дунд болон томоохон үйлдвэр, банк, худалдааны компани, гадаад фирмүүдийн төлөөлөгчид, судалгааны болон боловсролын байгууллагуудыг нэгтгэдэг байна. Гишүүд нь Литва Улсын үйлдвэрлэлийн гол салбаруудыг хамрах бөгөөд улсын ДНБ-ийн 41%-ийг бүрдүүлдэг байна. Энэ байгууллага нь Европын бизнесийн конфедераци буюу Business Europe болон Европын эдийн засаг ба нийгмийн хороонд төлөөлөгчтэй цор ганц Литвийн байгууллага юм.
