images

МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БНПУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2026-04-13

913

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш–Монголын парламентын бүлгийн дарга Станицлав Горчицагийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын эхний өдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлөөлөгчид Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Игнацы Немчыцки болон Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Ерөнхий геологич Кшиштоф Галостой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар нээлттэй, үр дүнтэй санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Варшав хотын Ази, Номхон далайн музейд "Монгол–Польши бизнес уулзалт" амжилттай зохион байгуулагдаж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих агентлаг болон хоёр талын холбогдох байгууллагууд эрүүл мэнд, санхүү, хөдөө аж ахуй, геологи, палеонтологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар илтгэл танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.

Мөн Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Польш Улсын Эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын байгууллагын хооронд хамтын ажиллагааны Замын зураглалд гарын үсэг зурснаар хоёр талын түншлэлийг бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам боллоо.

Уулзалтын төгсгөлд Монгол, Польшийн уул уурхай, уламжлалт анагаах ухаан болон хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид B2B уулзалт хийж, хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлүүдийг хэлэлцэн, харилцан ашигтай түншлэлийг улам бататгалаа.