ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ, СУДЛААЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчдийн БНПУ-д хийж буй айлчлалын хүрээнд Монголын уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын зөвлөгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар зохион байгуулав.
Тус зөвлөгөөнд Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүдээс гадна эрүүл мэнд, эм зүйн салбарын бизнесийн төлөөлөл, Польш Улсад ажиллаж буй Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар, мөн Монголын эм хангамжийн шинэчлэл холбоо, Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Улсын Их Хурлын гишүүн, Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл болон биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын Ерөнхийлөгч Гжегож Цессак нар үг хэлж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигийг танилцуулж, Монголын уламжлалт анагаах ухааныг гадаад оронд сурталчлан таниулах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй эмч нарын төлөөлөл болох Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Оч, Ү.Байгалмаа нарт хүндэтгэл үзүүлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уламжлалт анагаах ухааныг Польш Улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зарим эмч нарт төрийн дээд одон, медалийг гардууллаа.
Зөвлөгөөний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал”, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш “Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын асуудал” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавив.






