МОНГОЛ, ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БНПУ-ЫН СЕЙМ ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН БҮЛГИЙН ДАРГА ВАНДА НОВИЦКАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа нар БНПУ-ын Сейм дэх Эмэгтэйчүүдийн эрхийн бүлгийн дарга Ванда Новицкатай 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уулзалт хийв.
Талууд Монгол, Польшийн парламент дахь Эмэгтэйчүүдийн бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх, харилцан туршлага солилцох, шат шатны парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, бизнес болон бусад салбар дахь эмэгтэй манлайлагчдыг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Польшийн парламент 500 гаруй жилийн түүхтэй бөгөөд нэгэн үед зөвхөн эмэгтэй гишүүдээс бүрдсэн бүлэг ажиллаж байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг болон өргөжин, зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэй гишүүд ч нэгдэн ажилладгаараа онцлог юм. Польш Улсад эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх 1918 онд хуульчлагдсан нь АНУ-аас өмнөх тохиолдол бөгөөд үүний үр дүнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой харьцангуй хүчтэй байдаг. Гэсэн хэдий ч хоёр улсын өмнө тулгарч буй ижил төстэй асуудлууд цөөнгүй байна.
