МУ ИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ-ПОЛЬШИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНПУ-ЫН КАТОВИЦЕ, ЛЮБИН ХОТНОО АЖИЛЛАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Катовице, Любин хотноо ажиллав.
Тэрээр БНПУ-ын Уул уурхайн төв хүрээлэн, Үндэсний судалгааны хүрээлэн, Польшийн Уул уурхайн аж үйлдвэр, худалдааны танхимын төлөөлөл, KGHM группын дэд ерөнхийлөгч З.Брыя, Д.Юрчак нартай тус тус уулзав.
Төлөөлөгчид мөн БНПУ-ын KGHM группын Полковице хот дахь Рудна 1300 метрийн гүнийн зэсийн уурхайд зочлон танилцахын зэрэгцээ тэднийг KGHM группын Уул уурхайн газрын захирал Войчех Хойнацки хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч компаний төлөөлөл мөн багтсан байна.
Төлөөлөгчид Рудна уурхайн гүн рүү бууж засвар үйлчилгээний хэсгийн машин механизм, тоног төхөөрөмж, тухайн цаг мөчид явагдаж байгаа олборлолтын үйл ажиллагаатай танилцав.
Түүнчлэн албан ёсны бүрэлдэхүүнийг дагалдан ирсэн уул уурхайн салбарын төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд тусдаа хөтөлбөрөөр БНПУ-ын Катовице, Любин хотод ажиллаж, Польшийн JSW компанийн Будрык 1200 метрийн гүнийн нүүрсний уурхайд зочилж, KGHM Zanam, Famur, Fasing, Martech Group компаниар зочилж, уул уурхайн тоног төхөөрөмжтэй танилцав.







