Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй БНПУ-ын Эрчим хүчний дэд сайд Мариан Змажлытэй уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр БНПУ-ын Эрчим хүчний дэд сайд Мариан Змажлытэй уулзав.
Талууд хоёр улсын уул уурхай, эрчим хүчний салбар дахь харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, тус салбарт орчин үеийн технологи, инновацыг нэвтрүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Польшийн туршлага, нөү-хауг судлах талаар ярилцав.
БНПУ нь ЕХ-ны гишүүн орнуудын адил Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд нүүрснээс ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа боловч гүний нүүрсний уурхайн асар их туршлага, энэ салбарын өндөр мэргэшсэн хүний нөөцөд тулгуурлан уг мэдлэг, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байна.