ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ “ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРӨӨР: ГОВЬ ЦӨЛӨӨС БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮРТЭЛ” НЭРТЭЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Үлэг гүрвэлийн мөрөөр: Говь цөлөөс Байгалийн түүхийн музей хүртэл” нэртэй үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов.
Польшийн Шинжлэх ухааны академийн 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээр Монгол-Польшийн хамтарсан палеонтологийн алдарт экспедицүүдийн түүх, мөн Говь цөлийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт палеонтологич, профессор Зофья Келан-Яворовскагийн шинжлэх ухааны өв, судалгааны ололт амжилтыг олон нийтэд толилуулж байна.
Үзэсгэлэнгийн гол хэсгийг 1963–1971 оны хооронд хэрэгжсэн Монгол-Польшийн хамтарсан палеонтологийн экспедицүүдэд зориулжээ. Эдгээр экспедиц нь ХХ зууны шинжлэх ухааны хамгийн чухал судалгааны ажлуудын нэгд зүй ёсоор тооцогддог юм. Говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд ажилласан судлаачид үлэг гүрвэл, эртний хэвлээр явагч, шувуу болон хөхтөн амьтдын чулуужсан олдвор, бүтэн араг яс бүхий хосгүй үнэт цуглуулгыг нээн илрүүлсэн байна. Уг олдворууд нь ойролцоогоор 70 сая жилийн өмнөх дэлхийн амьд ертөнцийн талаар илүү гүнзгий ойлголт өгөхөд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр ч шинжлэх ухааны идэвхтэй судалгааны үнэ цэнтэй эх сурвалж болсоор байна. Түүнчлэн энэхүү үзэсгэлэн нь Польш Улсад Байгалийн түүхийн музей байгуулах ажлын эхлэлийг тавьж буйгаараа онцлогтой юм. Үзэсгэлэн 05 дугаар сарын 16-ны өдрийн 16:00–24:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй байх болно. Хаяг: Pałac Staszica, Nowy Świat 72, Warszawa


