БНПУ-ЫН ГЕОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН 107 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД БНПУ-Д СУУГАА ЭСЯ БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан БНПУ-ын Геологийн үндэсний хүрээлэнгийн 107 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцож, хоёр орны геологийн салбар дахь олон жилийн түүхт хамтын ажиллагааг эргэн дурсахын ялдамд цаашдын эрчимтэй хамтын ажиллагаанд амжилт хүсэж, ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол, Польш Улсын геологийн салбарын хамтын ажиллагаа 1950-иад оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улсын эрдэмтэн, судлаачид Монгол Улсын нутаг дэвсгэрт хамтарсан олон тооны геологи, хайгуулын судалгаа, экспедицийн ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
Мөн арга хэмжээний үеэр “Монголын тэнгэр дор: цөлийн нам гүм байдал, төгсгөлгүй тал нутаг, газрын баялаг” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болж, Монгол Улсаас олдсон геологийн ховор олдвор, дээжүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Тус үзэсгэлэн нь БНПУ-ын Геологийн Үндэсний хүрээлэнгийн музейд нэг сарын хугацаанд толилуулагдах бөгөөд Монгол орны байгалийн өв, газрын баялгийн онцлогийг Польшийн олон нийтэд сурталчлах ач холбогдолтой юм.



