ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ КИЕВИЙН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ-Д ЗОЧИЛЖ САНАЛ СОЛИЛЦОВ
Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Киевийн Барилга, Архитектурын Үндэсний Их Сургууль-д зочилж, оюутан, багш солилцоо болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.
Тэргүүн проректор Юрий Павлович Дудник их сургуулийн удирдлагуудын хамт Элчин сайдад Инновацын боловсролын хүрээлэн, Архитектурын факультет болон Роболабын бүтэц, үйл ажиллагааг танилцуулав.
Киевийн Барилга, Архитектурын Үндэсний Их Сургууль (КНУБА) нь Украины барилга, архитектур, хот төлөвлөлт болон инженерийн боловсролын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд 1930 онд байгуулагдсан. Тус сургууль нь архитектур, иргэний ба үйлдвэрлэлийн барилга, дэд бүтэц, геодези, мэдээллийн технологи зэрэг олон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд орчин үеийн лаборатори, инновацын төвүүд, судалгаа‑шинжилгээний орчин, практик дадлагын өргөн боломжуудаар хангагдсан, салбартаа тэргүүлэгч боловсролын байгууллага юм.







