images

БНПУ-ЫН М.БАЙРАНГУАД МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР АЛТАН ГАДАС ОДОНГ ЭЛЧИН САЙД Н.ОЮУНДАРЬ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ГАРДУУЛАН ӨГӨВ

ЭСЯ-ны мэдээ

2026-06-26

10

Бүгд Найрамдах Польш Улсын Лодзь хотод оршин суугаа Мэдрэлт овогтой Байрангуад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох Алтан гадас одон хүртээснийг Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Мэдрэлт овогтой Байрангуа нь 1966 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөнөөс хойш Монгол Улсад 28 жил, БНПУ-д 34 жил ажиллаж, нийт 60 гаруй жилийн турш эрүүл мэндийн салбарт тасралтгүй, үр бүтээлтэй хөдөлмөрлөн, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй мэдрэлийн эмч юм.

Тэрээр 1992 онд Монгол Улсаас БНПУ-д урилгаар ажиллахаар ирсэн анхны зүүний эмч нарын нэг бөгөөд 2002 оноос хойш “Мон-Пол” уламжлалт анагаах ухааны эмнэлэгт 30,450 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, амь насыг аварсан байна. Түүний мэргэжлийн ур чадвар, хүнлэг сэтгэлийн тод илэрхийлэл болсон нэгэн жишээ нь удаан хугацаанд ухаангүй байсан 12 настай Польш охиныг эмчилж, хэвийн амьдралд нь эргэн оруулсан явдал юм. Энэхүү үйл явдал тухайн үед Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр мэдээлэгдэж, олон нийтийн талархал, хүндэтгэлийг хүлээж байв.

Эрүүл мэндийн салбарт олон арван жилийн турш тууштай хөдөлмөрлөж, Монголын уламжлалт анагаах ухааныг хилийн чанадад сурталчлан таниулж, Монгол, Польш хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан Мэдрэлт овогтой Байрангуад төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэнд чин сэтгэлийн баяр хүргэж, гэр бүл, ажил үйлс, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.