СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Европ даяар үргэлжилж буй хэт халалтын улмаас Европын олон оронд, тэр дундаа Бүгд Найрамдах Польш Улсад ойрын өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж, зарим бүс нутагт +40°C хүрч, давж болзошгүй байна.
Иймд Бүгд Найрамдах Польш Улсад оршин суугаа иргэд Та бүхнийг энэ амралтын өдрүүдэд дараах зөвлөмжийг мөрдөж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахыг анхааруулж байна.
• Өдрийн 11:00–17:00 цагийн хооронд аль болох гадуур гарахгүй байх;
• Цэвэр ус болон бусад шингэнийг тогтмол хэрэглэж, шингэн алдалтаас сэргийлэх;
• Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдийн биеийн байдлыг тогтмол анхаарч, шаардлагатай тохиолдолд сэрүүн орчинд байлгах;
• Гадуур явахдаа малгай, шүхэр зэрэг хэрэгсэл ашиглан толгойгоо нарны шууд тусгалаас хамгаалах;
• Автомашинд бага насны хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдыг ямар ч тохиолдолд хараа хяналтгүй үлдээхгүй байх.
Түүнчлэн, хэт халууны улмаас иргэд гол, нуур болон бусад усан сан руу орж сэрүүцэх нь нэмэгдэж, үүнтэй холбоотой осол, эндэгдлийн тохиолдол өсөх хандлагатай байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Иймд усанд орохдоо аюулгүй байдлаа чанд сахиж, эрсдэлтэй нөхцөлд орохгүй байхыг зөвлөж байна.
Иргэн Та өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарч, дээрх зөвлөмжийг мөрдөнө үү.
Аливаа эрүүл мэндийн холбогдолтой яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Польшийн түргэн тусламжийн 999, эсвэл онцгой байдлын 112 дугаарт хандахыг зөвлөж байна.