images

БНПУ-ЫН КРОТОШЫН БҮС НУТГИЙН ҮР ТАРИА, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ, ҮРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

ЭСЯ-ны мэдээ

2026-08-10

54

Польш Улсын Кротошын бүс нутгийн үр тариа, эрчимжсэн мал аж ахуй, үрийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, үйлдвэрлэлийн чадавх, технологи, практик туршлага болон хамтын ажиллагааны боломжуудтай танилцах зорилгоор төрийн болон орон нутгийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийв. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Мал эмнэлгийн ерөнхий газар, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (Дархан), “МонБулл Фарм” (Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум), “Спирт Бал Бурам”, “Хонин Нуга” бяслагны үйлдвэр, “Макс Агро”-гийн сүүний чиглэлийн үхрийн аж ахуй, мөн Баянчандмань сумын мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн аж ахуйд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Айлчлалын үеэр орон нутгийн засаг захиргааны төлөөлөл оролцож, тухайн бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн онцлог, боломж, цаашид хөгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Түүнчлэн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим болон Польшийн Хөрөнгө Оруулалт, Худалдааны Агентлаг (PAIH) хамтран Монгол, Польшийн бизнес уулзалтыг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хоорондын шууд харилцаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.

Тус ажлын айлчлал нь Монгол, Польшийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн түншлэл, технологи, инноваци болон эрдэм шинжилгээний хамтын ажиллагаанд тулгуурлан өргөжүүлэх, хоёр улсын төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын шууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болов.